Үндсэн цэсийг алгасах

Ерөнхийлөгч Монсон ерэн насны ойгоо тэмдэглэж байна

President Monson

Moрмон удирдагчийн охин насаараа хийсэн үйчлэлийнх нь тухай дурсаж байна
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Tомас С.Монсон 2017 оны 8-р сарын 21-нд ерэн насныхаа ойг тэмдэглэнэ.  Охин Анн М.Дибб эгчийн хэлснээр түүний ерэн насны төрсөн өдрийг Солт Лэйк ситид “гэр бүлийн хүрээнд нам гүмхэн” тэмдэглэх болно. Гэрийнхэн нь энэхүү онцгой баярын мэндийг хүргэх, нимбэгний бялуу, зайрмаг зооглохоор цуглах болно.
Дибб эгч 85 насных нь ойг Чуулганы төвд тэмдэглэсэн явдал аавынх нь хувьд хамгийн дурсамжтай төрсөн өдрийн баяр байсан тухай дурсан хэлэхдээ “Аав маань ээжтэй хамт маш их баярласан гайхамшигтай хүндэтгэлийн арга хэмжээ байсан юм” гэжээ.
Ерэн настай Moрмон бошиглогч бүх насаа үйлчлэлд зориулсан. Тэрээр бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн бөгөөд 36 настайдаа 1963 оны 10-р сарын 10-нд төлөөлөгчөөр томилогджээ. Тэрээр бараг 54 жил үйлчилснээрээ хамгийн удаан үйлчилсэн Ерөнхий эрх мэдэлтэн болсон.
“Түүний үйлчлэл үргэлж бидний амьдралын нэг хэсэг байсан. Түүнийг төлөөлөгчөөр дуудагдах үед ч нэг их өөрчлөлт гараагүй мэт байсан нь тэр үргэлж үйлчилдэг байсан учраас юм. Түүний үйлчлэл намайг мөн Сүмийг адисалсан” хэмээн Дибб эгч хэлэв.
Мөн тэрээр нэмж, “Аавын маань хэвлүүлсэн анхны намтар ‘Их Эзэний зараалаар’ нэртэй байсан. Энэ бол түүний бишопоор үйлчилснээс эхлээд дараа дараагийн дуудлагын турш тээж явсан найдвар нь байсан юм” гэв.
Дибб эгч хүмүүсийг бусдад үйлчлэх үйлчлэлээрээ ерөнхийлөгч Монсоны төрсөн өдрийг тэмдэглэхэд туслахыг урамшуулан дэмжив. “Бусдад сайхан сэтгэл, үйлчлэлээ харуул. Та сайхан сэтгэл гэж санагдсан зүйлээ хий. Энэ бол аавын минь бусдад үйлчлэхдээ баяр баяслыг олдог байсан арга замуудын нэг юм” хэмээн тэр зөвлөв.
Зөвлөхүүд нь болох Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф зэрэг Сүмийн ахмад удирдагчид ерөнхийлөгч Монсонд төрсөн өдрийн баярын мэндчилгээ хүргэв.
“Ерөнхийлөгч Монсоныг хайрладаг бүх хүнтэй хамт би түүнд ерэн насных нь төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж байна. Түүний итгэл, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөөх халамж дэлхийн өнцөг бүрийн хүмүүст баяр баясгалан, амар амгалан авчирсан. Тэр бол Их Эзэний бошиглогч, Есүс Христийн нэгэн итгэлтэй шавийн агуу үлгэр жишээ юм. Би түүний сүнслэг удирдлаган доор үйлчлэх боломжоор адислагдсан” хэмээн ерөнхийлөгч Айринг хэлэв.

President Greets

Ерөнхийлөгч Угдорф “Бөмбөрцгийн өнцөг бүрийн сая сая хүний хамт Харриэт бид хоёр гайхамшигтай хүн, бошиглогч таны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Бид таны хошин зан, саруул ухаан, дурсамж дүүрэн түүх, сүнслэг өдөөлт бүхий зөвлөгөө, захиасаар адислагдсан. Та сайн сайхан байдал, итгэлийн үлгэр жишээгээрээ биднийг хэдэн аравны турш удирдаж ирсэн, хойшдоо ч олон жил та бидний зам заагч од байх болно” хэмээн хэлсэн.
“Түүний амьдралынхаа турш өөрийгөө умартан хийсэн үйлчлэл бид бүгдэд урам зориг өгч байсан бөгөөд энэ нь түүний Тэнгэрлэг Эцэгт маань болон Түүний Хүү Есүс Христэд амьдралаа зориулсны гайхамшигтай илэрхийлэл юм” хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өгүүлэв.
'Ерөнхийлөгч Монсоны үнэнийг заадаг, илүү сайн байх, илүү сайныг хийхэд биднийг өдөөдөг сэтгэл татам түүх ярих гайхамшигтай чадварт нь би хамгийн их дуртай. Түүний нөлөө дэлхийг хамарсан атлаа чин сэтгэлийн халамж, саруул алсын хараагаараа хүн нэг бүрд хүрсээр ирсэн” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч хэлэв.
“Та нар ерөнхийлөгч Монсоноос хэрхэн суралцахад суралцах хэрэгтэй. Түүнд үргэлж ямар нэг түүх байж байдаг ч сургамж нь юу бол гэдгийг ухаарах хэрэгтэй бөгөөд үүнийг хэрэгжүүлэх эсвэл хувийн амьдралдаа үүний дагуу үйлдэх хэрэгтэй. Заримдаа түүх нь энгийн эсвэл бүр хошин өнгө аястай мэт санагдаж болно. Гэхдээ үргэлж ямар нэгэн сурч авах, хэрэгжүүлэх сургамжийн чанартай байдаг” хэмээн охин нь хэлсэн.
Дибб эгч аавыгаа Сүмийн бүхий л дуудлагадаа үйлчилж байхдаа чадах бүхнээ хийхээр зүтгэдэг гээд, “Дуудлага бүр та нарыг бэлтгэн, бусдыг адислахын тулд Их Эзэний ашигладаг туршлагыг суулгадаг” гэж хэлэв.
Ерөнхийлөгч Монсон 1948 оны 10-р сарын 7-нд Франсис Бивэрли Жонсонтой Солт Лэйкийн ариун сүмд гэрлэжээ. Тэд гурван хүүхэд, найман ач, зээ, 12 ачинцар, зээнцэртэй. Монсон эгч 2013 оны 5-р сарын 20-нд таалал төгсчээ.
“Ээж байгаагүй бол аав маань энэ бүхнийг хийж чадахгүй байх байсан. Ээж маань, гэр бүл маань тэдний үйлчлэлээр дамжуулан олон арга замаар адислагдсан. Аав өрх гэрээ тэргүүлж, ээж харгалзан авч үзэх саналыг олонтоо гаргадаг байсан” хэмээн тэрээр ээжийнхээ дэмжиж урамшуулдаг зан чанарын тухай дүрслэн хэлэв.
Дибб эгч ээжийгээ нас барснаас хойш аавыгаа Сүмийн ерөнхийлөгчийн олон үүрэг даалгавар гүйцэтгэхэд нь хамт байлцсан нь  хамгийн сайхан дурсамжуудын нэг байсан тухай ярив.
“Түүнийг хувиараа айлчлах, хувь хүмүүст адислал өгч, бусдад хайраа илэрхийлж, бусад хүн бас түүнд хайраа илэрхийлэхийг харахдаа би ариун газар байгаагаа үнэхээр мэдэрдэг байсан” хэмээн тэр үргэлжлүүлэн хэлэв.
Ерөнхийлөгч Монсон 2008 оны 2-р сарын 3-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараахь 16 дахь ерөнхийлөгч болсон. Түүнээс өмнө тэрээр Сүмийн гурван ерөнхийлөгчийн удирдлаган доор Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр 22 жил үйлчилсэн.

Scriptures