Үндсэн цэсийг алгасах

Тайландын Бангкок ариун сүмийн тухай уран сайхны танилцуулгыг толилуулав

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тайланд дахь анхны ариун сүм

Rendering of LDS Bangkok Thailand Temple

Бангкок Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тайланд дахь Бангкок ариун сүмийн талаарх уран сайхны дэлгэрэнгүй танилцуулгыг өнөөдөр толилууллаа. Уг үзүүлбэрээр 44405 тохой талбай бүхий, олон шовх орой нь тэнгэр өөд чиглэсэн, 6 давхар сүр жавхлант ариун сүмийг харуулав. Энэхүү ариун сүмийг хамгийн сайн чанартай материал, ур чадвараар барьж байгуулах бөгөөд сүсэг бишрэл төрүүлэхүйц шашны барилгынхаа хувьд тухайн орон нутгийн иргэдэд гоо зүйн таатай мэдрэмжийг төрүүлэх болно.

Сүмийн дэлхий даяарх удирдагч болох ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлсэн үгэндээ “ Бангкок ариун сүм нь энэ бүсийн бүх хүний хувьд адислал болох бөгөөд бүс нутгийн өнцөг буланд байгаа хэдэн арван мянган гишүүний итгэлийн болоод Есүс Христийг дагах шийдвэрийн бэлгэ тэмдэг болох юм. Энэ ариун сүм түүнчлэн Бурхан Өөрийн бүх хүүхдийг хайрладаг гэдгийг сануулдаг байх болно. Энэ Сүмд бидний хийж буй бүх зүйл Их Эзэнд болон Түүний ариун газарт чиглэгдсэн байдаг” гэв.    

Мөн нэмж баригдах 91370 тохой талбай бүхий Сүмийн барилгад шашны цуглааны хоёр байр, үйлчлэлийн төв, институт, семинарын байгууламж, номлолын албаны болон амьдрах зориулттай байр тус тус байх болно гэж танилцуулав. Түүнчлэн Бангкок хотын бизнесийн болон орон сууцны хорооллын төв дэх Пэтчабури гудамжинд газар доор том хэмжээний автомашины зогсоол барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

Тайландын Бангкок ариун сүм нь Азийн энэ улс үндэстний хувьд анхных нь бөгөөд Тайланд, Зүүн Өмнөд Азийн бүх улс орон дахь Сүмийн гишүүдэд үйлчилнэ. Энэ ариун сүмийг анх 2015 оны 4 дүгээр сард зарлахаас өмнө, эндхийн хамгийн ойр ариун сүм 1000 бээрийн зайд орших Хонконг ариун сүм байлаа.   

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ариун сүмийг “Их Эзэний өргөө” буюу газар дэлхий дээрх хамгийн ариун нандин газар хэмээн үздэг. Хүндэтгэлийн өдрүүдэд ариун ёслол хийдэг, долоо хоног тутам үйл ажиллагаа явуулдаг цуглааны байруудаас ялгаатай нь ариун сүмүүд долоо хоногийн туршид нээлттэй байж, ням гарагт хаагддаг. 

Одоогоор дэлхий даяар 159 ариун сүм үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зарлан тунхагласан эсвэл баригдаж байгаа 23 ариун сүм байна. Тайландын Бангкок ариун сүмийг барьж байгуулахад гурваас дөрвөн жил шаардлагатай гэж тооцоолж байна.