sion

sion1

Д.Цэрэндолгор 

Д.Цэрэндолгор 

Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн СИОН найрал дууны хамтлагийг мэдэхгүй монгол хүн гэж бараг л үгүй. Учир нь тэд монгол хүн бүрийн шимтэн үздэг “Авьяслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид. Олны танил болж, Сүмийнхээ нэрийг өндөрт өргөж чадсан тэдний амжилт амар олдоогүй бөгөөд тэдний итгэл, хичээл зүтгэлийг Их Эзэн адисалсан юм. 

2015 оны сүүлчээр Азийн бүсийн Далын гишүүн ахлагч С.Л.Торонто Монголын Сүмийн удирдагчдад сургалт өгөхдөө Монгол дахь Сүмийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах тал дээр санваарын удирдагчид хувийн илэрхийлэлтээ авч, илүү эрчимтэй ажиллах ёстой талаар зааварчилсан аж. Тэрбээр “Чөтгөр Их Эзэний Сүмийг гутаахаар аянгын дуу мэт чанга хашгирч байхад хариуд нь бид яагаад шивнэх ёстой юм бэ” хэмээжээ. Тэр үед Сүмийн удирдагчид юу хийх талаар тодорхой ойлголтгүй байсан аж. Гэсэн хэдий ч тэд Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүсэн шаргуу залбирцгааж байсан агаад өдгөө 23 жилийн нүүр үзэж яваа Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Монголын зон олны төлөө олон сайн үйлс хийж байсан ч тэдгээр нь нийгэмд тэр бүрчлэн танигдаж байгаагүй тухай хэлэлцэж байв. 

2016 оны нэгдүгээр сард Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах Улаанбаатар баруун гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл ах руу залгаж, Сүмийн найрал дуугаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцуулахыг урьсан байна. С.Цогтбаяр ах “Одгэрэл ахаа би дөнгөж саяхан “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн анхны тэмцээнийг үзэж дууслаа. Энэ тэмцээнийг би ихэд анхааралтай үзсэн бөгөөд урлагийн хүний хувьд монголчууд хэр авьяастайг мэдрэхийг хүссэн юм. 

Удахгүй эхлэх хоёр дахь тэмцээнд танай Сүмийн найрал дуу орох ёстой гэсэн мэдрэмж төрлөө. Учир нь танай найрал дуучдын Христийн мэндэлсний баярын хөгжимт галын дэргэдэхийг анх удаа үзэх үед надад үнэхээр онцгой мэдрэмж төрсөн. Тэр тоглолт Монголын урлагийн салбарт үгүйлэгдэж байсан том орон зайг нөхсөн, үзүүштэй сайхан тоглолт байсан юм. Тиймээс та нар энэ тэмцээнд орвол гарцаагүй амжилтад хүрнэ гэж би бодлоо” хэмээсэн аж. 

Эл саналыг санваарын удирдагчид хэлэлцээд, Монголын нийгэмд Сүмээ танилцуулах чухал ажлын анхны алхам болно хэмээн үзэж, Сүмийн Олон нийттэй харьцах албатай хамтран энэ тэмцээнд орох шийдвэрийг батлан, тэмцээнд бүртгүүлжээ. Ийнхүү гуравдугаар сар эхэлмэгц найрал дууны гишүүдтэйгээ ярилцан СИОН нэртэй хамтлаг байгуулж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан П.Өнөржаргал эгчээр удирдуулан уг тэмцээнд оролцохоор болов. Тэмцээн зохион байгуулагчид СИОН гэж юу гэсэн үг болохыг мэдэхийг хүссэнд тэд “Сэтгэл Итгэл Оюунаараа Нэгдсэн” гэсэн үгсийн товчлол хэмээн тайлбарласан байна. 

Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн зуу зуун авьяастнууд хамгийн чухал үе болох эхний шатны үзүүлбэрээ Монгол улсын өнцөг булан бүрд бэлдэн байсан хаврын тэр өдрүүдэд СИОН хамтлаг ч бас чадлынхаа хэрээр бэлтгэлээ базааж, Их Эзэнээсээ тусламж эрэлхийлсээр байлаа. СИОН хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, монгол гэгээнтнүүд тэдний төлөө залбирсаар байв. Мөн хилийн чанадад аж төрөн суугаа монгол гэгээнтнүүд ч бас тэдний төлөө залбирлаа өргөн, ариун сүмийн залбирлын хайрцагт хүртэл СИОН хамтлагийн нэрийн төлөөх залбирлаа хийсэн аж. 

Нөр их хөдөлмөр, шаргуу бэлтгэл, итгэл, залбирлын үр дүнд шүүгчид тэднийг өндрөөр үнэлжээ. Шүүгчид тэднийг “Монголын найрал дууны тогтсон ойлголтыг эвдэж, акабеллагийн шинэ төрлийг нэвтрүүлж чадлаа”, “Нэгэн зорилго дор нэгдэж, тун сайн бэлдсэн байна”, “Бүгд инээмсэглэсэн, гэрэлтсэн сайхан залуус байна”, “Орчин үеийн залуус сэтгэлээрээ нэгдэж, эв нэгдэлтэй хамтран ажиллаж чаддагийг тодхон харууллаа” зэрэг урмын сайхан үгсээр харамгүй шагнаж, эх орныхоо ирээдүйг өнгөлөх, эрч хүчтэй 35 залуу хэмээгээд СИОН хамтлагийг санал нэгтэйгээр эхний үед тэнцүүлсэн юм. 

Эхний дүрс бичлэг цацагдмагц л СИОН хамтлагийн талаарх санал сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр урсаж эхлэв. Тэр дунд Сүмийн гишүүн бус хүмүүс СИОН-ы залуусаар бахархаж, тэдэнтэй нэгдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлүүд ч харагдаж байлаа. Хариуд нь Сүмийн гишүүд тэднийг урьж, холбоо барих мэдээллээ солилцож байсан нь Их Эзэний ажил янз бүрийн аргаар урагшилсаар байдгийг тодхон гэрчилнэ. Ийнхүү СИОН-ыг ЕХХҮГС-ийн найрал дуу гэдгийг хүмүүс мэдэж эхэлсэн нь Сүмээ олон нийтэд таниулах ажлын эхлэл байв. 

1 Нифай 3:7-д Их Эзэн зарлиг буулгахдаа замыг нь бэлддэг хэмээн бидэнд заадаг. Гэсэн хэдий ч тэр зам нь амар хялбар байх болно хэмээн Их Эзэн амласан нь үгүй. Дараагийн шатны сонгон шалгаруулалтын цаг Монголын Сүмийн бүх гадас, дүүргийн хамтарсан өсвөрийн чуулгантай давхацсан нь хүндхэн сорилт байв. Учир нь СИОН хамтлагийн залуус өөр өөрсдийн дуудлагат ажлын дагуу эл чуулганд чухал үүрэг гүйцэтгэх ёстой байсан юм. Тэмцээн зохион байгуулагчид хоёрдугаар шатны шалгаруулалтын хуваарьт өөрчлөлт оруулсан учир ийн давхацсан аж. Гэсэн хэдий ч СИОН хамтлагийн залуус хоёрдугаар шатаа амжилттай давж, өсвөрийн чуулгандаа ч үйлчилж чадсан байна. 

Ээлжит сорилт нь зуны гурван сарын турш бэлдсэн дууг нь “Авьяаслаг монголчууд” тэмцээний хороо солихыг хүссэн явдал байв. Учир нь тэд англи дуу дуулахаар бэлдсэн байжээ. Харин тэмцээний хороо тэднийг эх хэлээрээ дуулахыг хүссэн тул тэдний бэлтгэл, бүх хөдөлмөр салхинд хийсэв. Эл явдал СИОН-ы гишүүдэд хүндхэн туссан бөгөөд тэд яаралтай шинэ дуу бэлдэх хэрэгтэй болох нь тэр. Тэд сар хүрэхгүй шахам хугацаанд шинэ дуу бэлдэж, батлуулах ёстой болж СИОН хамтлагийн залуус нойр хоолоо умартан байж бэлдсэн байна.

Гэтэл бас нэгэн хүндхэн сорилт тэдэнд дээр буув. Анх СИОН 35 хүний бүрэлдхүүнтэй тэмцээнийг эхлүүлсэн ч дөрвөн гишүүн нь Хавай дахь Бригам Янгийн их сургуульд суралцахаар явах болж, хоёр гишүүнийх нь бүрэн цагийн номлолын дуудлага ирлээ. Тэмцээн зохион байгуулах хорооноос хэрэв СИОН хамтлаг дахин нэг л гишүүнээ хасвал тэднийг үргэлжлүүлэн тэмцээнд оруулахгүй хэмээн мэдэгдэв. Үүний зэрэгцээ хоёр ч гишүүнийх нь гэр бүлд уй гашуу тохиов.

Эдгээр олон бэрхшээлийн дунд соригдон байхдаа залуус маань Их Эзэн Бурханыхаа хайр ивээл, гайхамшигт хүчинд найдан урагшилсаар байсан юм. Тэд хамтдаа залбирч, энэхүү онцгой үйлчлэлдээ бүх хүчээ дайчилсан. Үүрийн дөрвөн цагт босч, -32 хэмийн хүйтнийг ч үл хайхран бэлтгэл ажлаа хангаж, олон дуу бичлэг хийлгэсний эцэст тэд шилдэг 32 оролцогчид тунан үлдэв. 

Тэднийг хагас финалын үзүүлбэрээ үзүүлэх өглөө агаарын температур -34 хэм хүрсэн нь сүүлийн 30 жилд тохиосон хамгийн хүйтэн намрын өглөө байлаа. Улаанбаатар хот битүү манантаж, жавар тачигнаж байсан ч СИОН-ы залуус өглөө эртлэн босож, тоглолтынхоо бэлтгэлийг хангасаар. Жавар тачигнасан өглөөг нарны туяа гийгүүлэх мэт СИОН-ы охид, хөвгүүд улбар шар өнгийн дэгжин хувцсаар жигдрэн, үзүүлбэрээ толилуулав. Энэ дэлхийд амьдрах ч дэлхийнх бус байхаар дуудагдсан тэд эв нэгдэл, итгэл, золиослолынхоо хүчээр Сүмийнхээ, Их Эзэнийхээ нэрийг дуурсгаж чадлаа. Ийнхүү тэд анх удаа орон даяар шууд цацсан уг тоглолтод амжилттай оролцож, үзсэн хүн бүрийн бахархлыг төрүүлсэн юм.

Тиймээс тэд “Авьяаслаг монголчууд”-ын шилдэг оролцогчдын шинэ жилийн нэвтрүүлэгт оролцохоор уригдаж, Монголын ард түмэнд Их Эзэний Сүмийг танилцуулах үйлчлэлээ гүйцэтгэв. Бараг есөн сар үргэлжилсэн эл тэмцээнд амжилттай оролцсон СИОН шинэ он солигдох мөчинй өмнөхөн Улаанбаатар хотын төв талбайд зохиогдсон баярын концертод хүссэн дуугаа дуулах боломжтой болж “Дэлхий баярлагтун” Сүмийн дууллыг анх удаа дуулж, орон даяар түгээх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ тэд “Тэнгэр элч нарын дуу” хэмээх Аврагчийн төрөлтийн тухай дууг орчин үеийн хэлбэрт шилжүүлэн дуулж, дүрс бичлэг хийн цацжээ. Ийнхүү санваарын удирдагчдын уриалгад дуулгавартай байснаар Их Эзэнийхээ Сүмийг монголчууддаа таниулах үйлчлэлээ амжилттай дуусгасан юм. Дашрамд дурдахад, үүний өмнөх жил буюу 2015 оны зун тус хамтлаг аялан тоглолтоо хийж, Улаанбаатар, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, Булган аймгийн оршин суугчдад Их Эзэний Сүнсийг мэдрүүлсэн билээ.  

СИОН хамтлагийн “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон туршлага зөвхөн Сүмээ олон нийтэд сурталчлаад зогсоогүй бөгөөд хамтлагийн гишүүд болон тэдэнд тусалж байсан Сүмийн удирдагчдын хувийн өсөлт хөгжилд ч ихэд нөлөөлсөн аж. Тэд уг туршлагынхаа талаар ийнхүү ярьж байна. 

Э.Номуунгэрэл – Сонгино тойрог  

Э.Номуунгэрэл – Сонгино тойрог

Энэхүү шоу нэвтрүүлэгт “Сион” гэдэг нэрээр ороход ямар ч асуудалгүй, амархан байсан. Харин бид нэрнийхээ утга учрыг гаргаж, нэгдмэл байж чадахын тулд ихэд хичээж зүтгэн, олон бэрхшээлийг хамтдаа туулсан. Анхдагчид Сионыг байгуулахыг зорьж байх үед ямар байсан талаар бид ярьж, тэднийг ойлгохыг хичээдэг байлаа. Одоо бидэнд буй адислалууд нь “Сион хамтлаг”-аар дамжуулан Их Эзэний сүнсийг бусдад хүргэсний үр шим гэдэгт би итгэдэг. Энэ нэг жилийн хугацаанд манай хамтлагийн гишүүдийн амьдралд олон сайн өөрчлөлт гарсан. Санваарын удирдагчид маань том, жижиг аливаа асуудал бэрхшээл тохиолдох бүрд бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байсанд би гүнээ талархаж байна.

Э.Бямбацэцэг – Сансар тойрог 

Э.Бямбацэцэг – Сансар тойрог

Би бүтэн жилийн хугацаанд хамт байсан хамтлагийнхандаа ихэд дасаж, хамт олон гэж ямар чухал зүйл байдгийг ойлгож авсан. Нэг жилийн хугацаанд бидэнд маш олон сорилт тулгарч байсан. Бид найрал дуунд явснаар бусдыгаа уучилж суран, нэг нэгнээ дэмждэг байсан нь биднийг улам эв нэгдэлтэй болгосон. Хагас финалын шатны шалгаруулалт маань өвлийн эхэн сарын хүйтэн өдрүүдэд болсон. Манай хамтлагийн олон гишүүн ханиад хүрчихсэн байх үед УББГ-ны ерөнхийлөгч О.Одгэрэл ах өдөр бүр аньсны халуун шүүстэй угтдаг байсны үр дүнд бидний дунд ханиадтай хүн цөөрч, яваандаа бүгд эдгэрсэн. Мөн Сүмийн гишүүн олон ах, эгч биднийг дэмжиж, зууш, халуун аарц авчирч өгч байсан ба бэлтгэлийн дараа машинаараа гэр, гэр рүү маань хүргэж өгч үйлчилж байсанд бид чин сэтгэлээсээ талархаж байна. 

Л.Баярцогт – Энхтайван тойрог 

Л.Баярцогт – Энхтайван тойрог

Номлолын 2 жилээ хасаад найрал дуунд 6 жил явж байна. Энэ жил “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоод, олон зүйл сурлаа. Найрал дуу надад цаг баримтлах, аливаа зүйлийг эцсийг нь хүртэл дуустал хийх мөн дэг журамтай байхыг заасан.  

Т.Билгүүнзаяа – Энхтайван тойрог 

Т.Билгүүнзаяа – Энхтайван тойрог 

Би олон зүйл сурсан. Үүнээс онцолбол, бусдыг хүлээж суулгүй өөрөө юу хийж болох, яаж туслах, хувийн дуулалт дээрээ хэрхэн сайжрах гэх мэт зүйлсдээ анхаарч, үнэхээр их хичээсэн. Найрал дуунд хамрагдсанаар миний гэр бүлд олон адислал ирж, авч чадахгүй байсан асуултуудынхаа хариуг олж авсан. Заримдаа бидэнд нэг нэгнийгээ ойлгохгүй бухимдах, гомдох мөн ар гэрт нь асуудал тулгарах зэрэгт бидний хайртай удирдагч О.Одгэрэл, Н.Адьяаболд, Т.Баатарчулуун нар болон П.Өнөрөө, Д.Онон зэрэг эгч маань биднийг удирдан чиглүүлдэг байсан. Би Сион хэмээх энэ хамтлагийн гишүүн байх боломжтой байсандаа баярладаг. Энэ шоу бол үнэн сэтгэлийн дууллаараа бусдыг сургаалд урих гайхалтай номлол байлаа.

П.Шижир – Туул тойрог 

П.Шижир – Туул тойрог

Би “Авьяаслаг монголчууд” шоунд орсноор өөрийгөө хэзээ ч чадахгүй гэж дорд үзэж болохгүй юм байна гэдгийг сурсан. Мөн би найрал дуунд явснаар олон найзтай болж, хамтлаг хамтаараа “лаг” байх ёстойг мөн нэгдмэл байх, цаг баримтлах зэрэг олон зүйл сурсан. 

Т.Одгэрэл – Сүхбаатар тойрог 

Т.Одгэрэл – Сүхбаатар тойрог

“Авьяаслаг монголчууд” шоунд найрал дуугаар оролцох нь амар байгаагүй ээ. Бүтэн жилийн турш ажил, хичээл, ар гэрийн ажлаа зохицуулж, бэлтгэлээ хийсэн. Сион хамтлагийнхан шалгаруулалтаас шилдэг 32 оролцогчид багтаж чадсан нь маш том амжилт гэж би бодож байна. Мөн энэ үйлчлэл нь миний гэр бүлийг адислах болно гэж итгэж байгаа. Энэхүү ТВ-ийн шоугаар дамжуулаад маш олон хүн ЕХХҮГСүмийг эерэг сайхнаар хүлээж авч байгаа гэж би итгэж байна.

А.Цэлмэг – Хан-Уул тойрог 

А.Цэлмэг – Хан-Уул тойрог 

Бүтэн жилийг хамарсан энэ тэмцээнд оролцоход ажил төрөл, амьдралын бүхий л асуудлынхаа хажуугаар маш их анхаарал, цаг заваа зарцуулах хэрэгтэй байсан нь хэцүү байсан ч их олон адислал хүлээн авсан. Цагаа зохицуулж, томоохон золиослол гаргаж сурлаа. Биднийг удирдсан хайртай П.Өнөржаргал эгчдээ маш их баярлалаа. ■