Ц.Ганхуяг Монголын шилдэг орчуулагчдын нэг боллоо

Ц.Ганхуяг Монголын шилдэг орчуулагчдын нэг боллоо

2016 оны долоон сард Улаанбаатар хотноо болох Ази, Европын улсуудын дээд хэмжээний уулзалтыг (ASEM 2016) манай улс тэргүүлэн зохион байгуулахаар болсон. Тус уулзалтад 53 орны төрийн тэргүүн оролцож, улс төр, эдийн засаг, нийгэм соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэх юм. Монгол улс шиг хүн ам цөөтэй, ардчилсан нийгэмд шилжээд удаагүй орны хувьд ASEM 2016-г зохион байгуулах нь манай улсын түүхэн дэх хамгийн том дипломат цугларалт болно. Монгол Улс олон улсын анхаарлын төвд байгааг эндээс тодорхой харж болох агаад ийм өндөр түвшний, олон улсын үйл ажиллагаа зохиох боломж бидэнд тэр бүр олддоггүй билээ.

Энэхүү боломж нь Монгол Улсыг олон улсад таниулах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Эл дипломат уулзалтын бэлтгэл ажил нь хувийн хэвшлийн байгууллагуудаас эхлээд Засгийн газрын түвшинд хүртэл монголчууд бидний хувьд суралцах том завшаан болж байна. ASEM-д 30 гаруй өөр хэлээр ярьдаг 53 орны төлөөлөгч оролцох боловч бүх гэрээ хэлэлцээрийг албан ёсны нэг хэлээр буюу англи хэл дээр явуулна. Тус уулзалтын дипломат орчуулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологи, шилдэг орчуулагчдыг ажиллуулах нь зүйн хэрэг.

Монгол Улсын Засгийн газар уг дээд хэмжээний уулзалтын орчуулгыг хийх зургаан шилдэг хэлмэрчийг маш нарийн шалгуураар сонгон авсан. Тэдгээр хэлмэрчдийн нэгээр саяхан Сансар салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Цогоогийн Ганхуяг ах сонгогджээ. Тэрээр Монгол Улаанбаатар номлолд үйлчилсэн бөгөөд үйлчлэх хугацаандаа англи хэлийг хичээнгүйлэн сурсан байна. Мөн тэрээр 2009-2012 онд Хавай дахь Бригам Янгийн их сургуулийг Гадаад худалдаа, маркетингийн менежмент мэргэжлээр дүүргэн, бакалаврын зэрэг горилсон. Ц.Ганхуяг ах одоо УБ Зүүн Дүүргийн Дээд Зөвлөлийн гишүүнээр үйлчилж байна.

Тэрбээр англи, монгол хэлний мэргэжлийн орчуулагч биш ч номлолд үйлчлэх хугацаандаа англи хэлийг гайхалтай сайн сурч чадсан юм. Мөн Хавай дахь Бригам Янгийн их сургуульд суралцсанаар түүний хэлний мэдлэг өндөр түвшинд хүрчээ. Нэг хэлийг нөгөө хэл рүү хөрвүүлэх ажил нь хэлний асар их мэдлэг, ур чадвар шаарддаг бөгөөд Ц.Ганхуяг ах мэргэжлийн өндөр түвшний орчуулга хийх ур чадвартай болсон гэдгээ батлан харуулсан. Монгол Улсын Засгийн газар сонгогдсон таван орчуулагчийг Бельги Улсад зургаан сарын хугацаатай сургалтанд явуулж, ур чадварыг нь хурцалсан юм. Тэрээр АСЕМ-ийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон болон бусад төрийн дээд албан тушаалтнуудад орчуулга хийн ажиллаж байна.