Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжих нь

< Азийн бүсийн удирдагчийн захиас бичиг >

Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжих нь

Далын ахлагч

Стивэн Л.Торонто

Энэ хэрэг шөнө дөлөөр болсон юм. Хэн нэгний хайртай эх, эмээ, сувилагч болох тэр нэгэн эмэгтэй гэр рүүгээ харьж байв. Тэрээр шөнийг өвчтөнүүдэд туслан өнгөрүүлсэн байлаа. Тэр бол сайхан сэтгэлтэй, хайр татсан, итгэлтэй эмэгтэй байв. Түүний амьдрал сэтгэл харамгүй үйлчлэлийн үлгэр жишээ байсан юм. Түүнийг ийнхүү гэртээ буцах үед нэгэн залуу бас гэр рүүгээ харихаар машинаа жолоодон явж байв. Тэр согтуу байсан бөгөөд хууль зөрчин машин жолоодож байжээ. Тэр замын улаан гэрлийг ч харсангүй, урдуур нь өнгөрөн гарч буй машиныг ч анзаарсангүй. Тэр замын уулзвар руу дайрч орон, нөгөө машиныг хүчтэй мөргөв. Машинд байсан эмэгтэй мөргүүлэн, маш хүнд гэмтэл авчээ. Эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн, түүний амийг аврахын тулд эмч нар олон хагалгаа хийв. Тэр эмэгтэй амьдралын төлөө олон долоо хоног тэмцсэн юм. Тэр тухайн үед мөн түүнээс хойш ч олон жилийн турш асар их өвдөлт мэдрэн зовсон билээ. Түүний эмнэлгийн төлбөр ч маш өндөр үнэтэй гарав. Харин нөгөө залуу хөнгөн гэмтэл авсан бөгөөд согтуугаар машин жолоодсон хэргээр хэсэг хугацаанд шоронд хоригдох шийтгэл авчээ. Энэ залуу аймшигт нүгэл үйлдсэн.

Нүгэл бол бидний энэ мөнх бус оршихуйн нэгэн хэсэг билээ. Бид бүгд амьдралдаа гэм нүгэл үйлддэг. Гэм нүглийн үр дагавар нь нүгэлтний хувьд бодит хийгээд мөнхийн. Наманчлахгүй бол нүгэл биднийг Бурханы оршихуйгаас тусгаарладаг.[i] Есүс Христийн Цагаатгал л бидэнд нүглээ наманчлан цэвэр болж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих чадварыг олгодог.[ii]

Аврагч Өөрийн Цагаатгалын адислалуудыг хэрхэн олж авах талаар бидэнд заасан. Тэрээр, “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. . . Миний буулга амархан, ачаа хөнгөн“ гэсэн билээ.[iii] Хэрэв бидэнд гэм нүглийн хүнд ачаа байвал “Түүн уруу ир”. Бид “Түүнээс суралцсанаараа“ гэм нүглийн хүнд ачаануудаа Түүнд орхих боломжтой ч өөрсдийн дээр ТҮҮНИЙ буулгыг мөн ТҮҮНИЙ ачааг авах хүсэлтэй байх ёстой. Түүний буулга болон ачаа гэдэг нь наманчлалын үйл явц юм. Бид Аврагчийн мөн Түүний Цагаатгалын “буулганд орвол” бидний наманчлалын ачаа “нүглийн хүнд ачаатай харьцуулахад “хөнгөн” байх болно.

 Цагаатгал нь нүгэлтэнд нүглийн ачаа дарамтаас салахад нь тусалдаг юм бол нүглийн улмаас хохирсон хүмүүс яах вэ? Тэр сайхан сувилагч яах вэ? Тэр сайн эмэгтэй маш ихээр зовж шаналсан. Залуугийн үйлдсэн нүглээс болж эмэгтэй бие махбод, сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд нэн их хохирол амссан. Тэр залуугийн үйлдэл түүнд үүрэх олон хүнд ачааг бий болгосон. Түүний гэр бүлийнхэн ч адилхан асар их зовлонг амссан юм. Эмээ нь үхэл, амьдралын зааг дээр байхад тэд сэтгэл санааны түгшүүр, зовнилыг мэдэрч, түүнийг тайвшруулан, асран сувилахад олон цагийг зарцуулсан. Тэдний амьдрал орвонгоороо эргэж, бие махбод, эдийн засаг, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд асар хүнд ачаа үүрэх болсон байв.

Тэр залуугийн үйлдсэн гэм нүглийн улмаас өөр хүмүүс ч хохирсон. Уг залуугийн эцэг эх, гэр бүл, найз нөхөд нь түүний энэ үйлдлийн улмаас зовж шаналан, ичгэвтэр байдалд оров. Тэд шүүхийн зардлын талаар санаа зовох, ажил төрлийг нь зохицуулах, шүүх хуралд нь оролцох хэрэгтэй болсон. Тэдний амьдралын хэмнэл ч өөрчлөгдсөн бөгөөд түүний нүгэлт үйлдлээс болж ачаа дарамтыг нэмж үүрэх болсон билээ.

Эдгээр нүглийн хохирогч хаанаас хүч чадал, тайвшрал, амар амгалан, эдгэрэлтийг олж авч болох вэ? Тэд ч Аврагчид мөн Түүний Цагаатгалд хандах боломжтой.

Саяхан ахлагч Өүкс, “Мөнх бус оршихуйд үхэл, гэм нүглийн ачаа дарамт бидэнд байх нь зайлшгүй юм. Есүс Христийн Цагаатгал л мөнх бус оршихуйн энэ хоёр зайлшгүй байдлыг нөхөн төлж өгдөг. Үхэл, нүгэл хоёроос гадна мөнх бус оршихуйд бид олон сорилттой учирдаг. Аврагч маань энэхүү Цагаатгалыг хийсэн учраас л бидэнд энэ дэлхийн тэдгээр сорилтыг даван туулах хүчийг Тэр олгодог юм“ хэмээн заасан.[iv]

Бид Христийн Цагаатгалын хүчийг бүрэн дүүрэн ойлгох юм бол яагаад үүнийг “хэмжээлшгүй, үүрдийн” хэмээн тодорхойлдог болохыг ойлгож эхэлнэ.[v] Хэмжээлшгүй гэдэг нь хэмжээ хязгааргүй, харин үүрдийн гэдэг бол цаг хугацааны хувьд төгсгөлгүй үргэлжлэхийг хэлдэг. Ийм бэлэг, хүчийг төсөөлөөд үз дээ!

Бошиглогч Алма тайлбарлахдаа Цагаатгал нь зөвхөн бидний нүглийг өршөөгөөд зогсохгүй гэсэн байдаг. Тэрээр, Аврагч Цагаатгалаар дамжуулан “өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно . . . тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэр үхлийн хүлээсийг тайлж болохын тулд . . . [мөн]  өөрийн хүмүүсийн гэм нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд тэдний сул дорой чанаруудыг өөр дээрээ авах болно” гэжээ.[vi] Цагаатгал нь нүгэлтнийг төдийгүй, цаашлаад хэн нэгний нүглээс болж зовж шаналсан, өвдөж туйлдсан, сульдан доройтсон хүмүүст ч хүрч, нөлөөлж чаддаг байна.

Цагаатгал нь нүглийн хохирогчдод маш олон замаар тусалж чадна. Зарим үед Цагаатгал нь ачаагаа үүрч гарах хүч чадлыг өгдөг. Алмагийн хүмүүс ёс бус хааны улмаас болж хүнд ачаа дарамтыг үүрч байхдаа үүнийг мэдэрсэн билээ. Тэднийг Их Эзэнд хандан залбирсны дараа Тэрээр “та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол хөнгөлнө . . . Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд“ хэмээн амласан байдаг.[vii] Цагаатгал нь бидний бүх ачааг авч хаяхгүй ч тэдгээрийг үүрэх чадварыг маань нэмэгдүүлдэг билээ.

Заримдаа Аврагч бидэнд сүнслэг болон сэтгэл санааны тайвшрал өгдөг. Аврагч, “Гашуудах тэд бүгд адислагдах болно: учир нь тэд тайвшруулагдах болно“ хэмээн заасан.[viii] Тэр биднийг зовж шаналахад тайвшруулж, урсах нулимсыг маань арчихад бэлэн байдаг. Түүнчлэн Цагаатгалаар дамжуулан Тэр зүрх сэтгэлд маань амар амгаланг өгдөг. Аврагч Энх Амгалангийн Ханхүү гэдгээрээ танигдсан.[ix] Тэрээр бидэнд зүрх сэтгэлээ зовоолгүй, айхгүй байх тэрхүү амар амгаланг өгнө хэмээн амласан.[x]

Мэдээж, зарим үед Цагаатгал биднийг бүрэн эдгээдэг. Аврагч амилсныхаа дараа Америк тивд айлчлах үедээ “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн” “тэд бүгдийг” [xi]  Түүнд авчрахыг хүссэн. Дараа нь Тэр ямар нэгэн нөхцөл, болзол, шан харамжгүйгээр “нэг бүрчлэн“ эдгээсэн билээ. Заримдаа хайрт Аврагч маань бидний бие махбод, сэтгэл санааны болон сүнслэг зовлон шаналлыг ч Өөрийнхөө сайхан сэтгэлийн бэлэг болгон шууд эдгээдэг[BU1] .

Нүглийн хохирогчид ч гэсэн нүгэлтнүүдийн адил Цагаатгалын адислалуудаас хүртэх боломжтой. Тэд зөвхөн Аврагчийн “Над уруу ир”, “Надаас суралц” гэсэн зааврыг л дагах хэрэгтэй. “Түүнээс суралцахдаа” тэд ч гэсэн уй гашуу, зовлон шаналал, өөртөө итгэлгүй байдал, айдас, үзэн ядалт зэрэг үүрсэн ачаануудаа орхих хүсэлтэй байх ёстой. Бид олон янзын арга замаар “Түүн уруу ирдэг”. Бид Алмагийн хүмүүсийн адил хувийн залбирлаараа Түүнд ирдэг. Бид Түүний тухай болон сургаалыг нь судраас уншсанаараа Түүн рүү ирдэг. Бид Сүм рүү ирж, удирдагчид, найз нөхдийнхөө сүнслэгээр өдөөх үгсийг сонсох үедээ Түүн рүү ирдэг. Бид дуудлагаараа эсвэл сайхан, энэрэнгүй сэтгэлийн үүднээс бусдад үйлчлэх үедээ Түүн рүү ирдэг.

Магадгүй, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь Түүн рүү ирэх хамгийн хялбар арга байх. Талх, уснаас хүртэх боломжтой энэхүү онцгой цаг үе нь бидэнд Түүнийг мөн Түүний Цагаатгалыг дурсан сануулдаг. Бид талхнаас хүртэхдээ Түүний шархалж гэмтсэн биеийнх нь талаар боддог. Бидний төлөө үүрсэн Түүний өвчин, шаналлыг бид дурсан санадаг. Бид аягатай уснаас уухдаа Түүний Цагаатгалын сэргээн, цэвэршүүлэгч, эдгээгч хүчийг дурсан санадаг билээ. Энэ нь зөвхөн нүгэлтний нүглийг угааж цэвэрлээд зогсохгүй, бусдын нүглийн ачаанаас болж зовж шаналж байгаа хүмүүсийг хүчирхэгжүүлэн, тайвшруулж, амар амгаланг өгч, эдгээдэг. Мөн Түүний сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгаж болно гэдгийг бидэнд сануулдаг.

Сайхан сэтгэлт сувилагч залууг чин сэтгэлээсээ уучлан өршөөх хүчийг олж авсан учраас уур бухимдлынхаа ачаанаас салж  чаджээ. Тэрээр энэ хүнд бэрх үедээ өөрийн болон өөрийнх нь төлөө өргөсөн бусдын залбирлаар дамжуулан Их Эзэнд илүү ойртсон ажээ. Тэрээр өвчтөнүүдэд эдгэрэхэд нь туслах, гараар хийсэн хувцсаа ядууст бэлэглэх, бусад хүнд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжийг олгохын тулд баярын өдрүүдэд ажиллах гэх зэргээр сайхан сэтгэлийн өөр олон үйлс хийж,  үйлчлэлээр дүүрэн амьдрал руугаа эргэн орсон. Аврагчийн Цагаатгал түүнийг бүрэн эдгээгээгүй ч гэсэн, зүрх сэтгэлд нь амар амгаланг авчирсан бөгөөд бие махбодын хувьд хэзээ ч бүрэн эдгэхгүй өвдөлт, зовиурыг тэвчих хүчийг түүнд өгсөн юм.

Бусдын буруугаас болж гэмтсэн, өөрсдийн бус өрөөлийн буруугаас болж зовж шаналсан, ямар нэгэн байдлаар туйлдаж ядарсан та бүхэн Аврагчийн хэмжээлшгүй, үүрдийн Цагаатгалын адислалуудаас хүртэх боломжтой.

Ахлагч Стивэн Л.Торонто

 

iНифай 27:19-ийг үзнэ үү.

ii С ба Г 58:42-ыг үзнэ үү.

iiiМатай 11:28-30-ийг үзнэ үү.

viДаллин Х.Өүкс, “Есүс Христийн цагаатгалаар хүчирхэгжих нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үг, https://www.lds.org/general-conference/2015/10/

vАлма 34:14-15.

viАлма 7:11-13-ыг үзнэ үү; тодруулга нэмэгдсэн.

viiМозая 24:12-15-ыг үзнэ үү.

viiiМатай 5:4; мөн 3Нифай 12:4-ийг үзнэ үү.

ix2Нифай 19:6; Исаиа 9:6-г үзнэ үү.

xИохан 14:27-г үзнэ үү.

xi3Нифай 17:9-ийг үзнэ үү.