Сүмийн түүх: 1996 он

Сүмийн түүх: 1996 он

УЛААНБААТАР НОМЛОЛЫН УДИРДЛАГА ДОР УЛААНБААТАР ДҮҮРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

1996.01.19. Анхны Пристүүдийн Уулзалт болов.

1996.01.29. Энхтайван салбар зохион байгуулагдав.

1996.02 сар. Номлолын Ерөнхийлөгч Кук ахын санал тавьснаар Ахлагч Т.Энхтүвшин ах  Их Сургуулийн Багшийн ажлаа орхиж Сүмийн хагас цагийн ажилтан болж түүний туслахаар Мөнхцэцэг эгч ажиллаж байжээ. 

1996.02.27. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Жон Х.Гроберг Засгийн Газрын ажилтнуудтай  албан ёсны уулзалт хийж Номлогчдын болон Хүмүүнлэгийн ажилтан нарын Монгол Улсад нэвтрэх визийн зөвшөөрөл авсан байна. 

1996.02.27. Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Ричард Е.Кук Дарханд Ариун Ёслол хийх зөвшөөрөл өгсөн байна.

1996.03 сар. Дархан хотод анхны Номлогчид Дахин Сэргэсэн Сайн Мэдээг түгээж улмаар  Дархан Салбар Ахлагч Тимот  Ахлагч Томсон нараар нээгдлээ.

1996.03.02. Монголын Дээд Боловсролын Хөгжлийн Сан, Шинжлэх Ухаан Боловсролын Яам, Олон Улсын Дезеретын хамтарсан хэлэлцээгээр Энэрлийн Байгууллагын сайн дурын ажилтан нарыг бэлтгэхээр зөвшилдсөн байна.

1996.03.22. Натали Ромрелл, Катерина Сего, Шерил Мотт болон Марсие Веллман нарын Анхны Бүрэн Цагийн Номлогч Систерүүд иржээ.

1996 оны хавраас эхлэн Юта Валли Улсын Коллеж нь Монгол Улсын Засаг Төрийн болон Шинжлэх  Ухаан,   Боловсролын  удирдах  ажилтнууд  нийт  150  гаруй   хүнийг  Ардчилал, Америк судлал, Дээд Боловсролын асуудлаар нэг сарын сургалтанд хүлээн авчээ. Сургалтанд хамрагдсан хүмүүсийн дотор Ерөнхий Сайд, Гадаад Хэргийн Яамны Сайд, Хүнс, Хөдөө аж Ахуйн Сайд, Парламентын дарга, Парламентийн олон гишүүд, Засаг Төрийн бусад өндөр албан тушаалтнууд, хорин долоон Коллеж, Их Сургуулийн захирлууд, профессорууд, Бизнесийн удирдагч нар дараалан суралцацгаасан байна. Эдгээр удирдагчид америк хэв шинжит амьдрал үзэж, мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулахад Сүм Монгол Улсад хэрхэн тусалдгийг олж мэдэхийн тулд Ариун Сүмийн Талбай, Бригам Янгийн Их Сургууль болон суралцагч оюутнуудын хотхонтай танилцаж, мөн зарим нь Сүмийн Цуглаануудад оролцож байжээ. Тэдний олон нь айлчлалынхаа үеэр Сүмийн гишүүдийн гэр оронд байрладаг байсан байна. Тэд нэг Мормоны номтой, Сүмийн тухай үндсэн ойлголттой болж мөн нөхөрсөг харилцаа тогтоон эх орондоо буцдаг ажээ. Эл харилцаа нь тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ихэнх их сургуулиуд дээр англи хэл заахаар уригддаг номлогчид руу хөтөлдөг ажээ /Steven K.Harper. The First Decade of Mormonism in Mongolia/.

Монгол орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийг удирдан зохион байгуулах эдгээр удирдагч нар сурсан мэдсэнээ эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулах нь гарцаагүй бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн гэгээнтнүүдийн Сүмийн болон Юта Валли Улсын Коллежийн үзүүлсэн өгөөмөр тусламж харамгүй дэмжлэгийг үргэлж санан дурсах буй заа. Сүмээс Монгол Улсын хөгжил дэвшилт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд тэр нь өнөөдөр ч үргэлжилсээр авай.      

1996.04.10. Д.Мөнхцэцэг эгч номлолд үйлчлэхийг хүссэн Номлолын өргөдлөө Номлолын Ерөнхийлөгчид хүлээлгэн өгсний маргааш Сүмийн Орчуулгын Газрын төлөөлөгчөөс Мормоны номыг монгол хэлэнд орчуулах ажилд туслахыг хүссэн урилга хүлээн авсан байна.

1996.06.27. Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгчөөр  Ахлагч Гари Е.Кокс  Систер Жоис Кокс нар дуудагджээ.

1996.07.01. Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Ахлагч Ричард Е.Кук дуудлагаасаа чөлөөлөгдөж  шинэ Ерөнхийлөгчөөр Ахлагч Гари Е.Кокс ажиллаж эхэлжээ. Ерөнхийлөгч Ричард Е.Кук Далын Чуулган ба Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн  Зөвлөлд  дуудагдсан байна.

1996.07 сар. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Рулон Г.Кравен дуудлагаасаа чөлөөлөгджээ. Азийн Бүсийн Ерөнхийлөгч Квок Юн Тай, Нэгдүгээр Зөвлөх Жон Х.Гроберг, Хоёрдугаар Зөвлөх Чин Хей Вон нар дуудлагат ажилд үйлчилж байна. 

1996.09 сар. Институт Семинарын ангиуд хичээллэж эхэлсэн байна.

1996.09.09. Оросын Холбооны Улсын Самарын Номлолд Анхны Номлогчоор Систер Баярмаа үйлчлэхээр дуудагдлаа. 

1996.09.15. Монголын Улаанбаатар Номлолын удирдлага дор Улаанбаатар Дүүрэг шинээр зохион байгуулагдаж Ерөнхийлөгчөөр Ахлагч Тогтохын Энхтүвшин дуудагджээ.

1996.10.01. Сүмийн гишүүдийн тоо өссөөр мөн шинэ сорилтууд ирэх болсон энэ үед Сүмийн Байртай болох чухал асуудал тулгарч байжээ. Азийн Бүсээс ирсэн комиссын хамт Сүмийн удирдлагууд нийслэл хотын олон дүүрэг, явж тохирох байр үзэж шалгасны эцэст хуучин Хүүхдийн Кино Театр байсан байрыг сонгон худалдаж авсан байна. Энэ байрыг 1906 оны үед америк хүмүүс барьж Худалдааны Консулын Газраа ажиллуулж байсан байна. Мөн хэлмэгдүүлэлтийн үед хөрөнгөтний хэв шинжит барилга хэмээн нураах гээд фундаментийг нь эвдэж чадаагүйн улмаас Улсын Банк, Үзвэрийн газар, дэлгүүр, музейн зориулалтаар ашиглаж байгаад хувьчилсан нь өнөө үед Сүм худалдан авах боломж гарчээ. Шинэ байрыг Төв Байр хэмээн нэрлэж дотоод танхимд их засвар оруулж шинэчлэн засварлах ажилд Ахлагч Бөөрчи ах ажиллаж тохижуулсныг олон гишүүд дурсан санаж байдаг билээ. Төв Байр  ашиглалтанд орсноор гишүүдийн тоо өсч Сүмийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөхөд хүргэжээ. Сэлбэ /Ерөнхийлөгч нь Энхтүвшин/, Туул /Ерөнхийлөгч нь Бат-Өлзий/ Салбарууд дахин хуваагдаж шинэ Салбарууд зохион байгуулагдсан байна. Энэ үед Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүд Ахлагч Тай ах, Ахлагч Гроберг ах, Бүсийн Далийн Ерөнхийлөгч Ахлагч Бөртлөн ах болон бусад төлөөлөгч нар ирж Монгол дахь Сүмийн хөгжил дэвшилтэнд байнга зөвлөлгөө өгч анхаарал халамж тавьж иржээ /Т.Энхтүвшин ахын дурсамжаас/. 

1996.10.24. Энэ өдөр Хонг Конгийн Ариун Сүмд лацдан холбуулж ариун сүмийн адислал хүртсэн Монголын анхны гэр бүл нь  Ахлагч Тогтохийн Энхтүвшингийн гэр бүл байлаа.

1996.11.18-19. Улаанбаатар Дүүргийн Чуулган чууллаа.

1996.11 сар. Ахлагч Ганзоригийн Ганхүү Оросын Холбооны Улсын Укрианы Номлолд үйлчлэхээр дуудагдлаа.

 1996 оны турш Сүм Монголын Скаутын Холбоонд туслах, мэргэжлийн нягтлан бодогчдыг бэлтгэх, англи хэлний сургалтууд, өвлийн улирлын барилга-орон сууц, галын аюулын хохирлыг арилгах зэрэг төсөл хүмүүнлэгийн тусламжаар хийгджээ.