Үндсэн цэсийг алгасах

Сүмийн удирдагчид Бангкок ариун сүмийн шавыг тавив

БАНГКОК дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2019 оны 1-р сарын 26-ны бямба гарагт Тайландын анхны ариун сүмийн шавыг тавилаа. Уг ёслолын арга хэмжээнд Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Робэрт С.Гэй, Сүмийн болон орон нутгийн удирдагчид болон 700 гишүүн оролцлоо. Үүний зэрэгцээ өөр олон хүн орон даяар Сүмийн цуглааны байруудад цацагдсан шууд нэвтрүүлгээр дамжуулан оролцсон юм.

Шав тавих ёслол Бангкокийн орон сууц, худалдааны барилгуудын төв болох Ратчатэви дүүргийн Нью Пэтчабури 1645/6-ийн Маккасанд байрлах ариун сүмийн газар дээр боллоо.

“Өнөөдөр энд байгаадаа зүрх сэтгэл маань баяр баясал, талархлаар дүүрлээ” хэмээн ахлагч Гэй хэлэв. “Тайланд дахь гэгээнтнүүдийн итгэлтэй байдлын ачаар энэ оронд тун удахгүй Их Эзэний өргөө баригдаж, олон хүн гэр бүлийнхээ хамт ариун сүмд шүтэн биширч, үүнийг дагалдан ирдэг мөнхийн адислалуудыг хүртэх болно.”

Түүнчлэн Aзийн бүсийн ерөнхийлөгч ахлагч Дэвид Ф.Эванс үг хэлж, онцгойлон адислалын залбирлыг хэлсэн юм. Мөн Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болох ахлагч Петр Ф.Мэурс, ахлагч Дэвид П.Хомэр болон Бүсийн далын ахлагч Висит Ханахам нарын Сүмийн удирдах албан тушаалтнууд энэ ёслолын арга хэмжээнд оролцлоо.

“Өнөөдөр Тайландын Сүмийн хувьд түүхэн өдөр байлаа. Тайланд дахь итгэлтэй гэгээнтнүүд 50 гаруй жилийн турш энэ өдрийг хүлээж, залбирсан. Ариун сүмийн барилга бүрэн баригдаж дууссанаар Сүмийн гишүүдийн хувьд төдийгүй ариун сүмийн гоо үзэмжийг харж, энэхүү ариун нандин газар оршдог амар амгаланг мэдрэх бүх хүний хувьд адислал байх болно” хэмээн ахлагч Эванс хэлэв.

Уг ёслолын арга хэмжээнд Тайланд улсаас Америкийн Нэгдсэн Улсад элчин сайдаар ажиллаж байсан ноён Сактип Крайрикшанд өөрийн гэргий хатагтай Бэнчапагийн хамт мөн Бангкок хотын захирагч асан Бичит Раттакул болон бусад хүндтэй зочид оролцлов.

Сүм зургаан давхар, 4125 м2 талбай бүхий тэнгэр өөд чиглэсэн хэд хэдэн оройтой сүрлэг сайхан ариун сүм барих болно. Энэ нь хүн бүхний ирж болох гоо үзэмжтэй, амар тайвны газар байх болно.

Ариун сүмээс гадна цуглааны хоёр байр, институт, семинарын байр, Сүмийн оффис болон дотуур байрын зориулалттай 8522 м2 талбай бүхий байр баригдах юм. Мөн газар доорх томоохон хэмжээний авто машины зогсоол барихаар төлөвлөөд байна.

Хожмын үеийн гэгээнтэн ариун сүмүүд нь ням гараг бүр гишүүдийн шүтэн бишрэхээр цуглардаг цуглааны байруудаас ялгаатай. Ариун сүмүүд нь “Их Эзэний өргөө” бөгөөд тэнд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг гэрлэлт болон бусад ёслолоор дамжин Христийн сургаал баталгаажиж байдаг. Ариун сүм дотор Сүмийн гишүүд амьдралын зорилгыг илүү сайн ойлгож, Есүс Христэд болон эргэн тойрны хүмүүстээ үйлчлэх амлалтаа бататгадаг.

Випарат Уанпоклан эгч шав тавих ёслолын үеэр мөн үг хэллээ. Тэрээр нөхрийнхөө хамт итгэлдээ үнэнч амьдарч, гурван хүүгээ сайн мэдээний дагуу өсгөж байна. Олон тайланд Сүмийн гишүүнийн адил тэд ариун сүмийн адислалуудыг эх орондоо хүлээн авахыг хүсэн хүлээж байгаа билээ.

“Бид Тайландад ариун сүм баригдаасай гэж удаан хугацаанд залбирсан. Хүүхэд нэг бүр маань номлолд явахдаа ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч мөн гэрлэх үедээ лацдан холбогдох боломжоор адислагдаж байгаад бид талархаж байна. Хүүхдүүддээ зааж, Бурханы хайрыг мэдрэхэд нь тэдэнд туслах үед ариун сүм бидэнд баяр баясал, итгэл найдвар өгдөг” гэж Уанпоклан эгч хэлэв.

Өнөөдрийн байдлаар Тайландад 22000 гаруй хожмын үеийн гэгээнтэн 42 нэгж болон зохион байгуулагджээ. Энэ ариун сүм Тайландын төдийгүй ойролцоох орнуудын Сүмийн гишүүдэд үйлчлэх болно.

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй болон баригдаж буй мөн зарлагдсан 201 ариун сүм байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн өдрүүд удахгүй зарлагдах бөгөөд Тайландын Бангкок ариун сүмийн барилга баригдаж дууссаны дараа олон нийтэд танилцуулж, онцгойлон адислах өдрийг зарлах болно.