Баяр хөөрийн баярт мэдээ

Далын ахлагч Дэвид П.Хомэр, Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Elder Homer
Далын ахлагч Дэвид П.Хомэр

Олон мянган жилийн өмнө алс тэртээ нэгэн газар Цезарь Август харьяат хүмүүстээ өвөг дээдсийнхээ төрөлх хотуудад буцаж ирэх тушаал буулгажээ. Үүнийх нь хариуд олон хүн урт замыг туулан, бүртгэгдэх газартаа ирэв. Тэдгээр аялагчийн дунд Иосеф нэртэй нэгэн залуу эр жирэмсэн эхнэр Мариагийнхаа хамт байлаа.

Бетлехемд ирэхэд нь тэдэнд буудаллах газар олдсонгүй. Өөр сонголтгүй болсон тул Иосеф малын хашаанд толгой хоргодох газар олж, Мариа мал амьтдын дунд хүүгээ төрүүлэн, тэжээлийн тэвшинд Түүнийг тавьжээ.1 Түүнийг төрсөн шөнө тэнгэр өөд харсан хүмүүс тэмдэг олж харсан байв.2 Бэлчээрт байсан хоньчдод тэнгэр элч “Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”3 хэмээн тунхаглажээ.


Сайн мэдээ. Агуу баяр баясгалан. Бүх хүн. Аврагч. Их Эзэн Христ.


Joseph and Mary

Есүсийн төрсөн газар олон хүн амьдарч байсан ч юу болж өнгөрснийг цөөн хүн л анзаарав. Бидний энэ цаг үед ч гэсэн мөн ийм байна. Олон хүн ажил амьдрал гээд энэ баярын өдрийн захиасыг тунгаан бодох ч завгүй явсаар. Гэхдээ бидний адил итгэлтэй хүмүүс энэ баярын өдрүүд чухал утга агуулгатай гэдгийг мэднэ. Тэр Хүү төрсөн учраас бидний амьдрал илүү сайхан, гэр бүлүүд маань илүү аз жаргалтай, ирээдүй маань гэрэл гэгээтэй болсон гэдгийг бид мэднэ. Тэрээр Бурханы Хүү байсан. Тэрээр амьдарч, зааж, төгс үлгэр жишээг үзүүлж, цагаатгасан. Харин Тэрээр загалмай дээр амьсгал хурааснаасаа хойш гурван хоногийн дараа Бурханы бүх хүүхдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралаас хүртэх боломж олгохын тулд үхэгсдээс боссон билээ.

Христийн мэндэлсний баярыг Азийн зарим улс оронд тэмдэглэдэг, харин заримд нь тэмдэглэдэггүй. Зарим улс оронд энэ өдрийг “чухал өдөр” гэдгээр нь мэддэг байхад, заримд нь гадил болон манго жимсний модыг чимэглэн тэмдэглэж өнгөрүүлдэг. Харин зарим оронд хүмүүс баяраа тэмдэглэхээр цуглаж, “Сантагийн” малгай өмсөн, амтат бялуу идэж, бие биедээ бэлэг бэлэглэцгээдэг. Дэлхийн өөр өөр хэсэгт Христийн мэндэлсний баяраар худалдан авалт ихсэж, хүмүүс дараагийн чухал гэсэн зүйлийг худалдаж авахаар нэг дэлгүүрээс нөгөө рүү яарцгаана. Бэлгүүд нь Христийн мэндэлсний баярын гайхалтай сайхан хэсэг байж болно. Гэвч бид сонор сэрэмжтэй байхгүй бол энэ нь анхаарлыг маань баярын өдрийн захиасаас холдуулж магадгүй. Үүнийг бид зөвшөөрч болохгүй юм.

baby Jesus born

Аврагчийг бидэнд сануулдаг хамгийн сайхан бэлгүүд зүрх сэтгэлийн угаас, ихэвчлэн золиослолоор ирдэг болохыг би мэдэж авсан. Би Хонконгт номлолоо хийж дуусгасныхаа дараа сургууль, ажил гээд их завгүй байсан тул Христийн мэндэлсний баярт эцэг эх маань хэрхэн бэлдсэнийг ч анзааралгүй өнгөрч билээ. Бэлгээ задлах цаг болоход гайхалтай гэнэтийн зүйл болсон нь бараг бүх бэлэг надад зориулагдсан байв.

Намайг бэлгүүдийг нээхэд ээж, аав хоёр маань инээмсэглэж, өөрсдөдөө бараг юу ч аваагүйдээ баярлаж байгаа бололтой харагдав. Тэдний золиослол намайг даруусгаж билээ. Тэд надад ажил, хичээлдээ өмсөх хувцас хунар авч өгөхийн тулд олон зүйлээс өөрсдөө татгалзсан байв. Тэдний сайхан сэтгэл баярын өдрүүдийн зорилгыг надад сануулсан юм.

Сайн мэдээ. Агуу баяр баясгалан. Бүх хүн. Аврагч. Их Эзэн Христ.


Есүс өмнө нь “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”4 хэмээн заасан.


Христийн мэндэлсний баяр болгон Түүний гэрлийг дэлхийд авчрах боломжийг бидэнд олгодог. Энэ нь Христийн шашин түгээмэл дэлгэрээгүй улс орнуудын хувьд ч үнэн. Бид Түүний сургаалыг дагаснаар Түүний гэрлийг өөрсдийн болон бусдын амьдралд гэрэлтүүлдэг. 

Энэ жил “Дэлхийг гэрэлтүүл” гэх дэлхий даяарх урилгыг Сүмийн зүгээс дахин тэтгэн дэмжих болно. 12-р сарын 1-ний өдрөөс эхлээд Христийн мэндэлсний баярын өдөр хүртэл та бусдын замыг хэрхэн гэрэлтүүлэх талаарх сүнслэг өдөөлтүүдийг өөрийнхөө улсын вэбсайтаас (www.lds.mn) авах боломжтой байх болно. Сарын турш манай олон номлогч энэ санаачилгын талаар хүмүүст ярьж хэлэх бөгөөд та ч мөн хэлж, ярьж өгч болно. Есүс Христ болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад туслах үүднээс хүмүүст энэ сайтыг зааж өгнө үү. Бид ингэх аваас энэхүү онцгой цаг үед сайн үйл хийхээр зорьсон олон хүнтэй нэгдэх болно.

Христийн мэндэлсний баярын өдрүүд ойртоход жилийн энэхүү онцгой цаг үеийн захиасыг тунгаан бодох ч завгүй хүмүүсийн нэг байхаа больцгооё.  Харин үүний оронд Түүнийг болон Түүний бидний төлөө хийсэн зүйлсийг дурсан санацгаая. Тэгвэл бид үйлчлэлээс баяр баясгаланг олж, үүнээс ирдэг онцгой сүнсийг мэдрэх болно.

ЭШЛЭЛҮҮД:

1 Лук 2:16-г үзнэ үү

2 Матай 2:1-2-ыг үзнэ үү

3 Лук 2:10-11

4 Иохан 8:12