Аравны нэг ба өргөлүүд

Аравны нэг ба өргөлүүд

Aзийн бүсийн удирдагчийн захиас

Тэнгэр дэх Эцэг маань биднийг адислах хүсэлтэй байдгийг бид мэднэ. Тэрээр биднийг Түүнээс гуйх бүрд, бас Түүний хууль, зарлигуудад дуулгавартай байх болгонд биднийг адисалдаг билээ. Харанхуй тэнгэрт ёслолын буудлага өнгө өнгийн гэрэл цацруулж, харсан бүхний сэтгэлийг баясгадаг шиг Түүний адислалууд зүг зүгт цацран, гайхамшигтай үзэсгэлэнт сайхнаар бидэн дээр асгардаг юм. Түүний адислалууд олон арга замаар, үлэмж элбэг дэлбэгээр ирдэг. Гэвч адислалууд нь бидний онцгойлон хүссэн арга замаар, хамгийн тохиромжтой гэж бодсон цагт маань эсвэл үргэлж бидний хүсэн хүлээсэн хэлбэрээр ирээд байдаггүй. Гэхдээ адислалууд заавал ирдэг. 

Аравны нэг нь агуу адислалууд авчирдаг зарлиг хэдий ч түүнийг дагах нь үргэлж амар хялбар байдаггүй. Бид бүгд идэх хангалттай хоолтой байгаа эсэхдээ, амьдардаг гэр орон маань ая тухтай байгаа эсэхэд мөн сайн боловсрол, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах боломжтой байгаа эсэхдээ үргэлж санаа зовж байдаг. Эдгээр бүх хэрэгцээ нь биднээс хөрөнгө мөнгөтэй байхыг шаарддаг. Аравны нэгийн хуулийг дуулгавартай дагах нь илүү их хөрөнгө мөнгөтэй байснаас ирдэг аюулгүй байдал, ая тухаа орхихыг, мөн зүрх сэтгэлээ энэ дэлхийн зүйлүүд дээр биш, харин тэнгэрийн баялаг дээр тавьснаа харуулахыг биднээс шаарддаг билээ.  Энэ нь Бурханд итгэхийг, мөн бидэнд “хангалттай бөгөөд нөөцлөхөөр” өгөгдөх болно гэдэгт итгэлтэй байхыг биднээс шаарддаг.”

Аравны нэгийн хууль бол тун энгийн юм. Энэ нь биднээс “жил тутмын ашгийнхаа аравны нэгийг төлөхийг”4 л шаарддаг бөгөөд орлогын маань арван хувь гэсэн үг. Аравны нэг бол “[бидэнд] үүрд үйлчлэх хууль”5 мөн. Хэрэв бид аравны нэгийн хуулийг дуулгавартай дагавал Их Эзэн “тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах”6 болно хэмээн Малахи хэлсэн билээ. Энэхүү хуулийг дуулгавартай дагаснаар ирэх бидэнд амлагдсан адислал нь чухал бөгөөд элбэг дэлбэг ч, үргэлж ил тодорхой байдаггүй.                                                                                                                             

Ахлагч Бэднар:

Бид аравны нэгийн хуулийн тухай зааж, гэрчилж байхдаа үүнээс хүлээн авдаг, гэнэтийн эсвэл агуу том, амархан олж харах боломжтой материаллаг адислалуудаа ихэвчлэн тодруулан ярьдаг. Иймэрхүү төрлийн адислалууд үнэхээр тохиодог. Гэхдээ энэ зарлигийг дуулгавартай дагаснаар олж авдаг янз бүрийн адислалуудын зарим нь үнэхээр чухал мөртлөө чимээгүй байдаг юм. Бид тэдгээр адислалыг сүнслэг байдлын хувьд соргог мэдрэмжтэй, ажигч байх үедээ л ялган таньж чаддаг

гэж мэдэгджээ ( 1 Коринт 2:14-ийг үзнэ үү).7

Энэхүү өвөрмөц нөхцөл байдлыг ойлгохын тулд 1845 оны үе рүү эргэн очицгооё. Тэр үед Сүм байгуулагдаад дөнгөж 15 жил болж байлаа. Гэгээнтнүүдийн байгуулсан 20 000 оршин суугчтай үзэсгэлэнт хот Наувуд ихэнх гишүүн цугласан байв. Бошиглогч Иосеф Смит егүүтгэгдэн, гэгээнтнүүд хүчтэй хавчлагад нэрвэгдээд байв. Сүмийн дайснууд гэгээнтнүүдийн гэр орон, ферм, тариан талбайг шатааж; тэднийг Наувугаас албадан хөөж байлаа. Гэсэн хэдий ч гэгээнтнүүд үлэмж их гай зовлонгийн дунд ариун сүм барихаар зарлигдуулсан ажээ. Ариун сүм барих энэ ажил агуу золиослолыг шаардсан юм. 1845 оны долоодугаар сарын 8-нд нэгэн залуу, ариун сүмийг барьж дуусгахад Сүмд ихээхэн хүндрэл бэрхшээл учирсныг мэдээд, Бригам Янг дээр хүрч ирэн, амьдралынхаа туршид хуримтлуулсан бүх хадгаламжаа өгчээ. Хадгаламж нь 2500 долларын үнэ бүхий алтан зооснууд буюу тэр үедээ асар их мөнгө байсан бөгөөд уг мөнгийг ариун сүмийг дуусгахад ашиглажээ.

Ариун сүм барихын тулд орлогынхоо аравны нэгийг төлөхийг бүх гэгээнтнээс хүссэн байв. Асар их мөнгө хэрэгтэй байлаа. Ядуу зүдүү бөгөөд гай зовлонд нэрвэгдэж, дайралтад өртсөн, мөн гэр бүлээ тэжээх гэж үйлээ үзэн, орон гэрээ орхиод, зэлүүд газар руу нүүхээр бэлтгэж байсан хүмүүс энэ мөнгийг хандивласан юм. Ийм хүндрэл бэрхшээл байсан ч гэсэн, ариун сүм 1845 оны арванхоёрдугаар сар гэхэд баригдаж дууссан юм. Үүнээс хойш хоёр сарын дараа, өвлийн хамгийн хүйтэн үеэр гэгээнтнүүдийг үзэсгэлэнт сайхан Науву хотоо болон ариун сүмээ орхин  явахыг албаджээ. Мөн хоёр жилийн дараа Наувугийн ариун сүмийг галдан шатааж, газрын хөрстэй тэгшилснээр зөвхөн суурь нь үлдсэн байна. Ариун сүмийн үлдэгдлийг анхных нь үнийн өчүүхэн хэсэг болох 2,000 доллараар зарсан гэдэг.8                                                                                               

Гэгээнтнүүд санаагаар ихэд унаж, тун их уй гашуу болж байсан нь мэдээж. Магадгүй тэдний зарим нь Их Эзэнийг яагаад ийм зүйл хийсэнд гайхаж байсан биз ээ. Ариун сүмээ устгуулах байсан юм бол тэд яах гэж ийм их золиослол хийх шаардлагатай болсон байх вэ? 2500 доллар хандивласан сайхь залууд ямар байсан бол? Тэрээр Наувуг орхихдоо юу ч үгүй болсон байсан. Малахигийн амласан нөгөөх адислалууд хаачсан байж таарах вэ?  

Хэдий тийм ч, бид аравны нэгээс ирдэг “чухал хийгээд чимээгүй” адислалуудыг итгэлийн энэ гайхамшигтай жишээнүүдээс  л харж чадна. Гэгээнтнүүд Наувуг орхин явахаас өмнөх хоёр сарын хугацаанд итгэлтэй гэгээнтнүүдэд ариун сүмийн адислалууд хүртээмжтэй болсноор таван мянган хүн ариун сүмийн ёслолуудад оролцож, хувийн хишгээ хүлээн авсан юм. Ариун сүм өдөржин, шөнөжин завгүй ажиллаж байлаа. Гэгээнтнүүд Наувуг орхин, хөлдсөн гол мөрнүүд дээгүүр үл мэдэгдэх зэлүүд газрыг зорин хөдлөхдөө “тэнгэрийн хүч”[4] хийгээд мөнхийн гэр бүл болж хамтдаа лацдан холбогдсоноос ирэх тэрхүү адислалуудыг өвөртлөн авч явсан юм. Эдгээр нь хүмүүний устгаж чадахгүй, тэр байтугай танхайчууд сүйтгэж ч чадахгүй тийм үнэт эрдэнэс билээ.

Бид бас эдгээр жишээнээс  ариун сүмийн адислал, аравны нэг хоёр хоорондоо нягт холбоотойг харж байна. Их Эзэн “миний өргөөг барихын тулд”өөрөөр хэлбэл ариун сүмүүдийг барихын тулд аравны нэгээ төлдөг бай хэмээн бидэнд зарлиг болгосон.11 Ариун сүм барьж, ажиллуулах бидний чадвар Сүмийн гишүүдийн аравны нэг ба өргөлүүдээс хамааралтай юм. Өөр эх үүсвэр байхгүй. Ариун сүм барихаар батлагдах нь гишүүдийн, тэр тусмаа санваартнуудын аравны нэгээ итгэлтэй төлөхөөс шууд хамаатай. Тухайн бүсэд ариун сүм баригдахаас өмнө тэнд Сүмийн олон гадас байгуулагдсан байх ёстой. Гадас байгуулах нь аравны нэгээ бүрэн төлдөг, идэвхтэй Мелкизедек санваартан олон байхыг шаарддаг. Эцэст нь хэлэхэд, ариун сүмд ордог аливаа гишүүн зохистой байх бөгөөд сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн, хамгийн чухал нь аравны нэгээ бүрэн төлдөг байх ёстой.

Ерөнхийлөгч Монсон бидэнд: “Ариун сүмийг барих болон ариун сүмд орох нь үргэлж тодорхой золиослолтой холбоотой байсан”[5] хэмээн сануулсан. Хэрэв бид Ази дахь ариун сүмийн адислалуудыг илүү амархан хүлээж авахыг хүсдэг бол аравны нэгээ бүрэн төлж, золиослол хийх хэрэгтэй. Бид бас хүүхдүүддээ аравны нэгийн зарчмыг зааж, энэ хуулийг итгэлтэй сахихад бүх гишүүнийг урих хэрэгтэй. Ингэснээр бидэнд агуу хийгээд гайхамшигтай адислалууд ирэх болно. Зарим адислал ил тодорхой, харин зарим нь чимээгүй байх болно.

Бидний хийсэн золиослол манай оронд ариун сүм баригдахад тэр даруй нөлөөлөхгүй ч байж магадгүй. Гэвч бид итгэлийн мэлмийгээр харах юм бол, ахлагч Бэднарын дүрсэлсэн “чухал хийгээд чимээгүй” адислалуудыг олж харж чадна. Мөн бид өөрсдөдөө өгөгдсөн өмч хөрөнгийн төлөө илүү их талархалтай байх болно. Бид илүү арвич хямгач байхад суралцан, зөв сайн ажил төрөлтэй болох болно. Өвөг дээдсээ эрж олон, гэр бүлийн түүхээ бичиж гүйцээх чин хүсэл эрмэлзэл бидэнд байх болно. Бид хүнд ачаа дарамтыг үүрч чадахуйц хүч чадалтай байж; Сүнсний удирдамжийг ойлгож, дагах агуу чадварыг өөрсдөдөө хөгжүүлэх болно. Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг тодорхой харж чадах итгэл ч бидэнд байх болно. Бид энэ амьдралдаа адислалуудыг олж харахгүй байж болох ч бидний итгэлтэй байдлын үлгэр жишээний ачаар ач зээ, ачинцар зээнцрүүд маань адислагдах болно. 2500 доллар хандивласан сайхь залуу миний элэнц эцэг байсан юм. Элэнц эцэг маань өөрийнх нь итгэлийн энэ үйлдэл надад хэрхэн сүнслэгээр нөлөөлөхийг, мөн үр удамд нь хэрхэн үлгэр жишээ болохыг олж хараагүй байх аа.

Бид аравны нэгийн хуулийг сахиснаараа ариун сүмийн адислалуудыг өөрсдөдөө болон үр удамдаа ойртуулан авчирна. Бид бүх адислалыг харах боломжтой эсэх нь хамаагүй ч, ил болон чимээгүй адислалуудын аль аль нь үзэсгэлэнтэй ёслолын буудлагын гэрэл, гялбаа мэт бидэн дээр үлэмж их, элбэг дэлбэг асгарах болно гэдэгт харин итгэлтэй байж болно.