Сүмийн түүх: 1993 он

Сүмийн түүх: 1993 он

1993.01.03. Нийгмийн Халамжийн Бүлгийн Боловсролын Зөвлөхөөр Систер Анна М. Харпер, Гэр Бүлийн Баяжуулалтын Зөвлөхөөр Систер Мэри Жэйн Фландро, Нарийн Бичгийн ажилд Систер Донна Бийзли нар дуудагдсан байна.

1993.02.06. Анхны Баптисмууд болж Лхамжавын Пүрэвсүрэн Ахлагч Стейнли Б.Смит, Цэндхүүгийн Бат-Өлзий Ахлагч Ричард Г.Харпер нараар Баптисм хүртэж Улаанбаатар Салбар нь анхны Монгол гишүүдтэй болжээ.

1993.02.14. Фландрогийнхний хүсэлтээр тэдний гэрт Ариун Ёслолын Цуглаан явагдаж эхэлсэн байна. Ахлагч Фландро өөрийн зочны өрөөг Ариун Ёслолын танхимийн адил засч янзалсан нь жинхэнэ Цуглааны Байр мэт болсон байжээ.  

1993.02.19. Тав дахь хос Номлогч  Ахлагч С.ДюВейн Шмидт Систер Алис К.Шмидт нар ирж, Ахлагч С.ДюВейн Шмидт Мелкезедик Санваартнуудын Хэсгийн Удирдагчаар дуудагджээ.

1993.02.28. Энэ өдрийн Ариун Ёслолын Цуглаанд Бригам Янгийн Их Сургуулиас ирсэн Лэйн МкЛеннен мөн Барри Жонсон нар оролцсон байна.Тэд түр хугацаагаар Англи хэлний Сургалт  явуулах ажлаар ирсэн бөгөөд Салбарын үйл ажиллагаанд туслах мөн Сүмийн дуулалд нэмэлт хүч өгөн дуулах уянгалаг дуу хоолойгоороо гайхалтай байсан ажээ.

1993.03.03. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс Жон К.Кармак ах болон Кармак эгч нар айлчлан ирж бүсийн хурал хийжээ. Шинэхэн гишүүд болон сонирхогчдод Кармак ах эгч хоёроос ариун сүнсийг мэдэрч тэдний гэрчлэлүүдээр хүчирхэгжих сайхан боломж гарчээ.

1993.04.15. Энэ өдөр Ахлагч Нийл А.Максвелл “Ариун Төлөөлөгчийн хүч хийгээд эрх мэдлээр Сэргээгдсэн Сайн Мэдээг заахын төлөө Монгол орныг онцгойлон адисласан” авай. Энэ Ёслолд Ахлагч Нийл А.Максвеллийн хамт түүний гэргий Колли эгч, мөн Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Ахлагч Квок Юн Тай, түүний гэргий Тай эгч нар мөн  Номлогчид, урилгаар ирсэн Засгийн Газрын Удирдагчид, Боловсролын Салбарын албаны ажилтан нар болон Сүмийн гишүүд, тэдний найз нөхөд нийлсэн 75 орчим хүн оролцсон байна. Ийн Монгол орон онцгойлон адислагдсан нь Монголчуудын хувьд болон ялангуяа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд гайхамшигт түүхэн өдөр болсон авай.

1993.04.24. Бригам Янгийн Их Сургуулийн Кеннеди Төвийн Хөтөлбөрийн дагуу Сүмийн гишүүн Шарлотте Лафгрин мөн түр хугацаагаар Англи хэлний Сургалтыг заахаар иржээ.

1993.05.02. Ариун Ёслолын Цуглаанд 34 хүн ирсний олонх нь өмнөх сарын 26-ны “Өнөөдөр” сонинд Ерөнхийлөгч Бийзлийн өгсөн зарын дагуу ирсэн нь их онцгой тохиолдол  болжээ. Ахлагч Фландрогийн гэрийн өрөөнүүд Есүс Христийн Сайн Мэдээг сурахыг хүссэн зочдоор дүүрсэн нь үнэхээр гайхамшигтай байсан ажээ. Сонирхогчид олноор ирэх болсонд Ариун Ёслолын Цуглаан явуулах илүү том байр олох шаардлага гарч Ахлагч Бийзли Улаанбаатар зочид буудал, Дүрслэх Урлагийн Их Сургууль болон өөр бусад газруудыг сонирхон судалж эхэлсэн байна.  

1993.05.04. Зургаа дахь хос номлогчид болох Ахлагч Гари Карлсон болон Систер Барбара Л. Карлсон нар иржээ. Тэд үйлчлэлдээ маш баяртай байсан бөгөөд Салбарыг хөгжүүлэхэд  тусламж хэрэгтэй байсан Номлогчид ч баярласан байна. Тухайн цагт Нийгмийн Халамж  /Анна Харпер/ болон Хүүхдийн анги /Донна Бийзли/ мөн Санваартны ангиуд хичээллэж байжээ. Ерөнхийлөгч Бийзли Цуглааны шинэ байртай болох үед Сургаалийн Удирдамжийн Анги нээхийг хүсч байсан тул Карлсонууд маш таатай нэмэлт хүч болсон аж.

1993.05.08.  Даваажаргал/Сильвия/ баптисм хүртэж анхны эмэгтэй монгол гишүүн болжээ.

1993.05.09. Салбарын анхны үйл ажиллагаа болж шинэхэн хөрвөгдсөн цөөн тооны гишүүд   сонирхогч найз нөхдийн хамт оролцжээ. Салбарын ажил хэрэг, Аароны Санваартнуудын Зөвлөгчөөр Ахлагч Гари Карлсон, Аароны Санваарын Удирдагчаар Ахлагч Жон Нильсон ах, Үйл ажиллагааны Зөвлөлийн Удирдагчаар Систер Алис К.Шмидт дуудагдсан байна.

1993.05.19. Ламжавын Пүрэвсүрэн Аароны Санваар хүртэж Прист болжээ. Ариун Ёслолын Цуглаан явуулах шинэ байр хайх эрэл үргэлжилсээр байлаа. Ерөнхийлөгч Бийзли Номлогчдын амьдардаг байртай тун ойрхон Энхтайван Найрамдлын Ордон хэмээх боломжийн байр олж Ахлагч Смитийн хамт тус Ордны менежертэй нь  байр түрээслүүлэх тухай уулзалт хийхээр тохиролцсон байна.

1993.05.23. Ламжавын Пүрэвсүрэн нь Ариун Ёслол түгээхэд оролцсон анхны Монгол гишүүн болжээ. Ариун Ёслолын Цуглаан дээр ирэх ням гаригийн Цуглаан Энхтайван Найрамдлын Ордоны байранд болохыг зарласан байна. Шинэ долоо хоногийн эхээр байр түрээслүүлэх уулзалтан дээр 6 дугаар сарын 13 хүртэл Цуглаанаа хийж болохгүй, улмаар сар бүрийн сүүлийн гурван долоо хоногийн ням гаригуудад л Ариун Ёслолын Цуглаан хийх боломжтой хэмээн мэдэгдсэн гэдэг. Энэ мэдэгдэл сандралд оруулсан боловч Ерөнхийлөгч Бийзлийн чадварлаг зохион байгуулалтаар удаах Ариун Ёслолын Цуглаанаа саадгүй явуулах шинэ байр олж чадсан байна. Энэ нь Улсын Төв Номын Сангийн байранд Сүмийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглах танхимууд түрээслэн авсан байжээ.  

1993.05.29. Салбарын залуучуудад зориулсан үйл ажиллагаа Ахлагч Шмидтын гэрт болов.

1993.05.30. Энэ өдөр шинэ байранд анхны Ариун Ёслолын Цуглаан  явагдсан байна. Мөн үргэлжлэн Нийгмийн Халамж, Хүүхдийн анги хичээллэх боломжтой болжээ. Алис К. Шмидт болон Донна Бийзли нар хагас цагаар ээлжлэн Хүүхдийн ангид зааж, Ахлагч Гари Карлсон Сургаалын Зарчмын ангид заах болсон байна.

1993.06.13. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн урилгаар Ахмад Номлогчид Бээжин дэх Салбарын Чуулганд оролцжээ. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл Ахлагч Кеннет Х.Бийзлийг Удирдагч  Ахлагчаар  ажиллахыг зааварласан байна. Мөн  энэ  өдөр Улаанбаатар Салбарын Ариун Ёслолын Цуглаанд 20 хүн ирсэн бөгөөд Л.Пүрэвсүрэн ах тэргүүлэн удирджээ.

1993.06.27. Салбарын шинэ Ерөнхийлөгчөөр Ахлагч Ричард Г.Харпер, Нэгдүгээр Зөвлөхөөр Ахлагч Стейнли Смит, Хоёрдугаар Зөвлөхөөр Ахлагч Ройс Фландро нар дуудагдсан байна.

1993.07.04. Ариун Ёслолыг анх удаа Дикон түгээсэн нь Монголд түр хугацаагаар ирсэн Жон Нильсон ахын хоёр хүүгийн нэг Хеюстон оролцсон байлаа.

1993.07.11. Энэ өдрийн Ариун Ёслолын Цуглаан маш онцгой болсон нь Ази тивээр жуулчилж мөн наадам үзэхээр монголд ирсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй Америк хүмүүс  оролцсон нь цуглааны ирцийг 76 болгожээ. Жуулчдын нэг Ахлагч Ройс П.Фландрогийн эгч дуу дуулж бэлэг барьсан нь Ахмад Номлогчдод гэртээ байгаа мэт сэтгэдэл төрүүлсэн гэдэг.

1993.08.01. Ариун Ёслолын Цуглаан явагдаж, Ламжавын Пүрэвсүрэн ах Салбарын Гүйцэтгэх Нарийн Бичгийн ажилд дуудагджээ.

1993.08.05. “Анхны” гэсэн тодотголтой зүйл дахисан нь Салбарын гишүүн Цэндхүүгийн Бат-Өлзий ахын гэр бүлд анхны хүүхэд нь мэндэлжээ.

1993.08.14. Салбарын хувьд улаанаар бичигдэх бас нэг гайхалтай өдөр тохиосон нь анхны          Бүрэн Цагийн Номлогч зургаан залуу Номлолыг Бэлтгэх Төвөөс иржээ.Тэд бол Элдэр Бретт Эндрью Хэнсен, Элдэр Дуэйн Лий Бланчард, Элдэр Куртис Ди Мортенсен, Элдэр Жаред К.Майэр, Элдэр Брадли Жэй Пиерсон болон Элдэр Барт Жэй Бөрч нар байлаа.

1993.09 сар. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд гардан ажиллах мэдлэг боловсрол бүхий залуу боловсон хүчний тухайд АНУ-ын Юта Валли Улсын Коллежээс онцгой анхаарал халамжийг үе шаттай явуулж ирсэн билээ. Монгол оюутнуудыг суралцуулах ажлыг зохион байгуулахаар Коллежийн Олон Улсын Судалгааны Төвийн захирал Малан Р.Жаксоны дэмжлэгээр анхны зургаан оюутантай бүлэг Юта мужид очсон байна.

1993.09.09. Сүмийн орчуулгын орон нутгийн зөвлөл байгуулагдав. Орчуулгын Албаны ажилтан Фелпсын заавраар Ариун Ёслол болон Баптисмийн залбирлууд, Сүмийн нэр, Жозеф Смитийн Түүх, Номлогчийн Ярилцлага Хичээлүүд мөн Евангелийн Үндсүүд эхлэн орчуулагдахаар төлөвлөгджээ.

1993.09.13. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Квок Юн Тай ах гэргий Тай эгчийн хамт ирж Бүсийн хурал хийжээ. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлд өөрчлөлт орж Ерөнхийлөгч Монте Ж.Брау дуудлагаасаа чөлөөлөгдөж эх орондоо буцсан байна. Шинэ Ерөнхийлөгчөөр Ахлагч Жон К.Кармак, түүний Зөвлөхүүдээр Ахлагч Квок Юн Тай /Монгол дахь Салбарыг хариуцах үүрэгтэй/ болон Ахлагч Давид  Ж.Соренсон нар дуудагджээ.

1993.09.23. Улаанбаатар Салбар зохион байгуулагдав. 

1993.09.26. Орчуулгын Зөвлөлийн эхний ажил Салбарын гишүүн Цэндийн Энхжаргал эгчийн орчуулсан   Сүмийн нэр монгол хэлээр плакат дээр бэлтгэгдэн гарчээ. Үргэлжлэн Сүмийн ном, бусад материалууд эх хэл дээр хөрвүүлэгдэж байлаа.

1993.10.10. Ариун Ёслолын залбирал анх удаа монгол хэл дээр хэлэгдсэн байна. 

1993.11.13. Сүм Баптисм хүртсэн анхны гэр бүлтэй боллоо. Герман Улсад Баптисм хүртэж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон Тогтохын Энхтүвшин ах  өөрийн  гэр  бүлийн  гишүүд  гэргий Доёдын Дашгэрэл болон  таван хүүхдийн /хоёр нь бага насны/ ахмад нь болох Тамир, Сэлэнгэ, Ананд нартаа Баптисм хүртээжээ.

1993.11 сар. Улаанбаатар Салбарын шинээр хөрвөгдсөн  гишүүд мөн сонирхогч нарт зориулсан  үйл  ажиллагааг  Үйл  Ажиллагааны Зөвлөлийн удирдагч Жон Нильсон ах, түүний  туслах монгол гишүүд амжилттай явуулжээ.

Монголын Парламент “Шашны Шинэ Хууль” баталсан нь хэрэв хэрэгжвэл Сүмийн ажил үйлсэд сөргөөр нөлөөлөх талтай, мөн зарим заалтууд нь хүн бүрт шашны эрх чөлөө олгосон Монголын Шинэ Үндсэн Хуулийг зөрчсөн учир “Шинэ Хуулийг” Дээд Шүүхэд өгч залруулах ажил явагдаж байжээ. Энэ үед Сүмийн Удирдлага  Улсын Дээд Шүүхийн шийдвэр гартал болгоомжтойгоор хүлээж байсан ажээ.

1993.12.25. Анх удаа Крисмасын баярыг тэмдэглэх онц сонирхолтой цаг үе монгол гишүүдэд ирж Салбарын номлогчид, гишүүд нар “Цагаан Крисмас” тэмдэглэж чадсан нь Есүс Христийн төрсөн өдрөөр 11 хүн Баптисм хүртсэн байна.

1993 онд Их Эзэн Номлогчдын армийг гайхамшигтай адисласанд, Түүний ажлыг Монголд эхлүүлэх энэхүү ажилд хүчин зүтгэх боломжид Номлогч нар талархал дүүрэн байцгаажээ. Шинэ онд Салбар 52 гишүүнтэй, Ариун Ёслолын Цугаааны ирц 100 гаруй хүнтэй,  Салбарын удирдлага аажмаар Санваартан монгол гишүүдэд шилжиж, Баптисмийн ёслол монгол хэл дээр гүйцэтгэдэг болж, Нийгмийн Халамжийн хичээл төрлөх хэл дээр заагдаж эхэлжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Монгол оронд зохих байраа олж тулгамдсан зарим хэрэгцээг нь шийдвэрлэхэд монголчуудад тусалж байлаа. Сүмийн  үйл ажиллагааны чухал хэсэг болох хүмүүнлэгийн тусламж нь Монгол Улсын гэр бүлүүдийн сайн сайхны төлөө үйлчилж  эхэлжээ. Барууны коллежийн сурах бичиг, хүн эмнэлэгийн лаборатор-шинжилгээний багаж төхөөрөмжүүд, эм болон амин дэмийн бэлдмэлүүд мөн бусад хэрэгцээт зүйлсийн дөрвөн тонн ачаа барааг буцалтгүй тусламж болгон нийлүүлжээ. Эхний энэ үнэт тусламж нь Мөнхийн хэрэгцээг шийдвэрлэх томоохон хүч чармайлтын чухал хэсэг болж чадсан байна. “Дезерет” Олон Улсын Энэрлийн Байгууллага /ДОУЭБ/ нь Сүмээс санхүүждэг бие даасан ашгийн бус энэрлийн байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хүмүүсийн амьдралыг сайжруулах, бие даах чадвар эзэмшиж мөн бусдад туслах боломж олгоход чиглэгдэнэ. Тус хүмүүнлэгийн байгууллага нь дэлхий даяар асар их нэр хүндтэй, тусламжийн гараа олон орны ард түмэнд хүргэн Бурханы хайрыг үзүүлж байдаг маш онцлог байгууллага юм. 

1993 оны өвөл урьд жилийнхтэй адил монголчуудын хувьд ч шинээр ирсэн номлогчдын хувьд ч хахир хатуу болжээ. Монгол нутгийн өвөл нь  тэсгэм хүйтэн байдгаас гадна эдгээр жилүүдэд хоол хүнс, ундны усаар ч их гачигдахын зэрэгцээ цахилгаан, дулааны хангамж үе үе тасалдсаар байсан гэдэг.